ЧАНАР МУУТАЙ ИМПОРТЫН ХҮНСНЭЭС ТАТГАЛЗЪЯ

Хүнсний аюулгүй байдал өдрөөс өдөрт алдагдаж аюулын харанга дэлдэж буй учраас хүнсний бүтээгдэхүүний импортын асуудлыг хөндөхөөс аргагүй. Импорт улсын эдийн засгийн гадаад худалдаа хийгээд үндэсний үйлдвэрийн хөгжилд хэрэгтэй.  Гэвч хаа газрын хамгийн чанаргүй, хоол гэхээсээ илүү хор болсон бүтээгдэхүүн манай улсын хилээр хяналт шалгалт,  хориг саадгүй нэвтэрч, монголчуудын ус уух хувь тавилангаас хумсалж байгаад асуудлын гол нь байгаа хэрэг.

Харьцангуй цөөн хүн амтай Монгол Улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор хангаж байгаа нь аюулгүй байдлын эсрэг галт зэвсэг агссантай агаар нэгэн болой.

Шинэ цагт зах зээлийн эрэлт хэрэгцээ ихсэхийн хэрээр монгол хүний ходоод гэдсийг  импортын хоосон чанарт хүнсээр дүүргэсээр багагүй хугацааг өнгөрчээ. Харин өдгөө цагийн өндөрлөгөс харвал манай улсад хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдахад хүрээд байна. Импортын татварыг уян хатан байлгах улсын бодлого бий. Гэхдээ чанаргүй хүнсний аюулаас ард түмнээ аврахын тулд хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох санаа өвөрлөв, бид.


Зах зээлд шилжиж байх үеийг бодоход манайх бас ч гэж дотооддоо цөөнгүй нэр төрлийн хүнс үйлдвэрлэдэг болчихлоо. Үйлдвэрлэлийг нь хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл ундаа, ус, талх, нарийн боовоор 2.7 сая хүнийг хангаад байх боломжтой, дотоодынхон. Мах, төмс, давс нь хүрэлцээтэй байна. Импортыг хаачихаар хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа сүүний жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд их эрэлт хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй нь мэдээж.

Гэхдээ хүссэн үедээ биш юм аа гэхэд хөдөө гадаа яваад, хүүхэд багачуудынхаа ходоодыг хаяа нэг цайлгаад байх биз. Тэртээ тэргүй өнөөдөр импортоор төрөл бүрийн тараг, сүү орж ирж байгаа ч бид багачууддаа сүү, тараг өдөрт тогтмол уулгаж чадахгүй л байгаа шүү дээ.  Байнга хэрэглээд ч хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа нь хэтэрч, чанараа алдсан эсэхийг нь мэдэхгүй юм чинь импортын цагаан идээг ахиу хэрэглэсний ач тусыг үзнэ гэж найдахад ч бэрхтэй.

Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар баталгаатай биш болохоор хоосон чанарт хүнсээр ходоодоо дүүргэж, эрүүл мэндээ хохироогоод яваад байх гэж үү. Ганган чамин сав баглаа боодлоор хуурсан импортын чанаргүй хүнсийг бид сүүлийн арав гаруй жил цатгалдталаа идэж уулаа. Хадгалалтын хугацаа нь дуусаж, тээвэрлэлтийн горим зөрчсөн чанаргүй хүнс хэрэглэж, эрүүл биеэ өвчтэй болгосон байхыг үгүйсгэх аргагүй.

Сүүлийн үед Монголд төрөл бүрийн халдварт өвчин, хортой, хоргүй хавдар нэмэгдэхийн сацуу залуужиж байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн дүгнэлт хэдийнэ гарсан. Харамсалтай нь эмч, мэргэжилтнүүд дээрх дүгнэлтийг ил хэлэхээсээ эмээж, өөр хоорондоо ярилцахаас өөрцгүй сууна.

Одоо боллоо. Импортын чанаргүй хүнснээс татгалзаад, дотооддоо үйлдвэрлэж байгаа дээрх гол нэрийн цөөн хүнсний бүтээгдэхүүнээр болгох гээд үзье, монголчууд аа. Бид зах зээл эхлэхээс өмнө буюу импортын хүнс тоотой, тоймтой байх үед өнгө үзэмж муутай ч гэсэн гайгүй сайн чанартай дотоодын үйлдвэрийн чихэр, боовыг хэрэглээд болдог л байсан санагдана.

Ундаа, ус, гурилан бүтээгдэхүүн, мах, төмс байхад амьдраад байж болно оо. Нэгэнт импортын бүтээгдэхүүнд хаана хаанаа хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлж чадахгүй байгаагаас хойш, буух эзэнтэй, буцах хаягтайгаар нь үндэсний үйлдвэрүүддээ чанар стандартыг сайтар мөрдүүлж, дээр дооргүй дэмжиж амьдрах нь онох вий. Хэрвээ ингэж чадах юм бол бид эдүгээ аюулын харанга дэлдээд буй хүнсний аюулгүй байдлын асуудлаас ангижирч, ур насалж, алаг бяцхан үрстэйгээ аз жаргалтай байх бус уу.


3 Comments to “ЧАНАР МУУТАЙ ИМПОРТЫН ХҮНСНЭЭС ТАТГАЛЗЪЯ”

  1. portnoy says:

    That is a very good proposal. Long-distance transportation not just degrade the quality of food, but also produce very huge amount of carbon emission. Decrease the dependency on imported food is also vital to national security.

  2. shinee says:

    ene unen buguud hen hen n dotroo bodoh l asuudal. bid hichneen olon maltai bilee. tegchiheed yagaad importiin suu tarag idej avch baih estoi gej. eruul mendee bodood, undesnii uildverlelee demjiye l dee. bayrlalaa

Leave a Reply