МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ГАЗАР САЙГҮЙ ӨРНӨЖ БАЙНА
… Маш дэлгэр нутаг минь мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дүүрэн… Цэндийн Дамдинсүрэн гуай ингэж шүлэглэсэн байдаг. Манай орон саяхныг хүртэл ийм л байсан. Мянга мянган жилийн турш мал аж ахуй эрхэлж амьжиргаагаа залгуулсаар ирсэн манай орныг таван хошуу малгүйгээр төсөөлөхөд бэрх. Өдгөө ч энэ уламжлалаа хадгалан халуун хошуут малынхаа арьс ширээр аргамж, сур хийж, ноос ноолуураар нь дээл, гутлаас нь авахуулаад олон төрлийн хувцас хунар урлах, сүү саалиар нь айраг ундаа, цагаан идээ боловсруулан хэрэглэдэг гээд ямар ч хаягдалгүйгээр малын ашиг шимийг хүртдэг бид азтай улс. Аргал, хорголыг нь хатааж галаа ноцоож өвлийг ажрахгүй давдаг болохоор малаас хаягдал гэж огт гардаггүй тул малаа дээдлэхгүй байхын аргагүй. Тиймээс ч малынхаа тоо толгойг өсгөх, мянгат малчин гэх сайхан цол гуншинтай болохын тулд манай малчид өглөөнөөс үдшийн бүрий болтол толгой өндийх завгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөдөг.
Гэтэл дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт хот суурин газрынхныхнаас илүүтэй малчдад жилийн дөрвөн улирлын турш аж амьдралд нь хүндээр нөлөөлж байна. Хавар нь хавсарга шуурга тавьж, яагаа ч үгүй эрт халуу шатам хурц нартай болж, зун нь хөрс шороо чийгшлээ шингээж чадахааргүй болтол үер усны аюулаар дарамталж, намар нь өвс тэжээлээ бэлтгэж авахын завдал өгөлгүй ган гачиг, хуурайшилттай нүүр тулгарч явсаар өвөлтэй залгадаг. Үйл тамаа цайн бондойлгож таргалуулах гэж зүтгэсэн өнөө хэдэн малаа өвөл болохоор хайр найргүй хахир зуданд өгчихөж байгаа жишээг энэ нэг жилд монголчууд бид нүдээрээ үзлээ.
Сүүлийн 30 жил тохиогоогүй зудын байдалд өнөөдөр Монгол улс автаад байгааг Цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна. Нийт нутгийн 90 гаруй хувь нь 10-45 сантиметр цасан бүрхүүлд хучигдсан төдийгүй уулархаг, хонхор газруудаар 60-120 см хүртэл гүнзгий цасанд дарагдаад байна.
19 аймгийн 198 сумын мал өвөлжилтийн байдал хүндэрсний дотор 12 аймгийн 155 суманд онцгой байдал үүсчээ. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн зарим суманд нөхцөл байдал гамшгийн байдалтай болж мал сvрэг өвс, тэжээлээр дутагдан олон мянгаараа хорогдож, хөдөөгийн малчид, иргэдийн амьжиргаа, эрvvл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар малын тоо толгой нэг саяар хоргодсон мэдээ байна. Өвөлжилт хүндэрч үхсэн малынхаа сэг зэмэнд булуулах нь холгүй байгаа малчдаа үтэр түргэн тусламж үзүүлэхгүй бол малаа гэсээр өөрсдийнхөө амь насыг алдах ч энүүхэнд тулаад байна гэхэд хилсдэхгүй. Уналга эдэлгээний морио өмнөх шуурганд алдсан малчид хонь малаа бэлчээрлүүлэх нь битгий хэл хотноосоо үхсэн малынхаа сэг зэмийг холдуулж ч чадахгүйд хүрлээ.
Мөстөж хөлдсөн газрыг хонь мал туурайгаараа малтан өвс олж идэх гэж тэмцэх нь өрөвдөлтэй агаад үүнээсээ болж хөлөө гэмтээж шалбалах элбэг аж.
Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Адъяагийнх энэ өвлийн зуднаар 600 гаруй малаас 300 гаруйг нь алджээ. Аргаа барсандаа үхсэн малынхаа арьсыг хуулж зарахаар шийдэж. Тэрээр мал тэсэхгүй байгаагийн нэг шалтгааныг бууц, хэвтрээс нь шалтгаалж байна хэмээн Монголын Үндэсний олон нийтийн телевизээр ярьж байв. “Шээхэд нь хүртэл хувин барьж тосохоос аргагүйд хүрээд байна. Хүйтэнд хэвтэр нь мөстчихөөд малын бээрэг гарахгүй, эм хонь хээлээ хаяж төлөг, борлон хурдан үхэж байна. Ус, гол, худаг байхгүйгээс 10 хоногт нэг удаа л малаа услаж байна. Бид өөрсдөө ч хэцүүхэн байдалд орлоо” хэмээн малчин Адъяа гунигтай өгүүлэв.
Бэлчээрт гарч чадахааргүй болсон мал нь бие биенээ идэх нь холгүйд хүрээд байна. Нэг хонийг бусад нь нурууны ноосыг нь зумалтал тал талаас нь зу
лгааж идсэн байх юм. Ишиг ямаа нь гэрийн бүрээс, туургыг идээд эцэстээ эзэд нь өөрсдөө ч гэргүй үлдэхдээ тулаад байна.
Нутгийн малчиддаа туслах хандивын аян энд тэндгүй өрнөж эхэллээ. Тал тал тийшээ тусламжийн өвс тэжээл, гурил будаа ачсан машинууд хөдлөв. Гамшгийн эсрэг хандив өргөж байгаа нь сайн хэрэг боловч хаана, хэнд, хэдийн тусламж хүргэж байгааг мэдэх нь зайлшгүй чухлыг Улсын онцгой байдлын комиссоос анхаарууллаа. Нэг суманд нь давхцах, нөгөөд нь орхигдох зэрэг асуудал гарч болзошгүйг сануулав. Бодох л хэрэг юм шүү. Хэрэв УИХ-аас зөвшөөрөл олговол өвөлжилт хvндэрсэн 12 аймагт тус бvр 230 сая төгрөг олгож малчдыг өвс, тэжээл, хvнсний бvтээгдэхvvнээр хангах, эмнэлгийн vйлчилгээ хvргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар Засгийн газар төлөвлөж байна.
Мал гэж гүйсээр хүйтэнд даарч хөрсөн, тамир тэнхээгээ алдсан малчдын сэтгэл санаа хямарч, хөгшид настай хүмүүсийн хууч өвчин сэдрэх, даралт нь ихэссэн гээд тэдний эрүүл мэндийн асуудал тун эгзэгтэй болж эхэллээ. Байгаа хэдэн төгрөгөө өвс тэжээлд зарцуулсаар эцэст нь өөрсдөө ч идэх хоол хүнсгүй болжээ. Иймээс хүн рүүгээ, малчид руугаа түлхүү анхаарч түргэн арга хэмжээ авахаар онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Зуд турханы үеэр ядарч туйлдсан малчиддаа дэмжлэг туслалцаа болгохоор орон нутгийн хөдөлмөр эрхлэдэггүй залуучуудыг Нийгмийн хөдөлмөр хамгаалалын сангаас өдрийн 5-6 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар орон нутгийн удирдлагууд шийдвэрлээд байна. Үхсэн малын сэг зэмийг зайлуулах, бууц өвөлжөөний цас мөсийг арилгах, хангалттай хэмжээнд түлш модыг нь бэлтгэлцэх зэрэг хүч хүрэхгүй байгаа ажилд нь тэднийг дайчлах гэнэ. Тэгэхгүй бол үхсэн малын сэгээс хүн малын гоц халдварт өвчин гарч ч болзошгүй мэргэжлийн хүмүүс сануулж байна.
Зөвхөн хонь малын үхлээр энэ гамшиг дууссангүй. Манай орны 20 мянган тоо толгой бүхий цагаан зээрийн сүрэг өвс тэжээлийн хомсдлоос болж нутаг сэлгэн Орос Монголын хилийн зурвас дахь зургаан км газарт нүүдэллэж ирээд байгаа талаар ОХУ-ын өмнөд хил хязгаарын онцгой байдлын албанаас манайд мэдээлжээ. Түүнчлэн аргаль, янгир зэрэг зэрлэг ан амьтад даарч хөрөн хоол тэжээлгvй болсны улмаас айлын хоттой малын захад ирээд зогсчихоод байгаа гэнэ.
Ан амьтдаа хамгаалах, өвс тэжээл тавьж өгөх vvднээс БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулаад байгаа юм байна. Яамнаас энэ онд зэрлэг ан амьтдыг хамгаалахад зориулж 25 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн бусад төрийн бус байгууллагууд хамтран сан байгуулж ан амьтаддаа өвс тэжээл тавьж өгөхөөр болжээ. Тухайлбал, “Монголын анчдын нийгэмлэг”-ээс энэ ажилд зориулан 9.5 сая төгрөг гаргаад байна.
Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өвөлжилт хvндэрснээр тус сумын нутаг “Их газрын чулуу”-нд нутагладаг 140 аргал, янгир хоолгvйдэхэд хvрчээ. Улаан номонд орсон эдгээр амьтдад эхний ээлжинд “Говь Хурах” компани 55 боодол өвс хvргээд байгаа юм байна.
the attachments to this post:










Монголд энэ жил хатуу өвөл болж байгаа гэж барууны улсын зарим иргэд хэлж ярьж байна, харин хэрхэн их гамшиг тарьж буйг зүйрлэхгүй байх шиг байна. Энэ нийтлэлийг орчуулаад тавих хэрэгтэй болов уу, Монгол улс өмнөх зуднаас сургамж аваагүй бололтой, авахыг ч хүсэхгүй байх, яагаад гэвэл газар нутаг нь эзгүйрвэл байгалийн баялгийг нь ухахад амар гэж тэнэгтэж байгаа байх, тиймгүй бол зуд болохыг нь бүгд л мэдэж байсан, юу хийх ёстойг хэнээрч заалгахгүй мэдэж байгаа, би ингэж хардаж байна, яагаад гэвэл олон улсын байгууллагуудад энэ асуудлыг хөндөж хандахгүй байсаар өнөөг хүрч байх шиг, бид хардах эрхтэй.
Ногоон эвсэл