Өмчлүүлэхийн тулд зарим газрын тусгай хамгаалалтыг цуцалжээ

Манай улс хамгийн анх 1957 онд Богд уулын дархан цаазат газрыг хамгаалалтад авчээ. Тухайн үед 0.02 сая га талбай тусгай хамгаалалттай байсан бол өнгөрсөн оны байдлаар 21.9 сая га талбайг хамгаалалтад аваад байна.

Улс орнууд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авсан байх ёстой аж. Харин манай улс 14 хувийг нь авчихаад байгаа юм. Энэ талаар салбарын яамнаас лавлахад цаашид газар нутгийг тусгай хамгаалалтад авахад анхаарч ажиллаж байгаагаа хэлэв.

Энэ оны байдлаар 600 мянга га орчим талбай бүхий дөрвөн газар нутгийг тусгай хамгаалалтад авчээ. Монгол элс орчим, Улаагчны хар нуур түүний орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Алтан хөхий уул түүний орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Хүрэн бэлчир түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан аж. Түүнчлэн Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумын хэсгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтад авчээ.

Мөн Дундговь аймгийн зарим сумыг дамнан орших Бага газрын чулуу түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 48.21 хувийг дархан цаазат газар, 42.16 хувийг байгалийн цогцолборт газар, 9.16 хувийг байгалийн нөөц газар, 0.47 хувийг дурсгалт газар эзэлж байгаа аж.

Тусгай хамгаалалттай газар нутгийн онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс зэргийг харгалзан үзэж ашиглаж, хамгаалдаг байна. Энэ талаар хуульд онгон бүс гэдэг нь байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийж болдог хэсгийг хэлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ хэсэгт аялал жуулчлал зэрэг бусад үйл ажиллагааг хориглоно. Харин хязгаарлалтын бүсэд рашаан, эмчилгээний эрдэсийг ашиглах, нутгийн оршин суугчид нь хэрэгцээндээ зориулж дагалт баялаг буюу самар жимс, эмийн болон хүнсний ургамал түүх, зураг авалт хийж, зохиол бүтээл туурвих, байгалийн аялал жуулчлалыг тогтоосон зам чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулахыг зөвшөөрч аялал, шинжилгээ хийхдээ буудаллах, түр отоглохыг зөвшөөрдөг. Гэтэл манайд хязгаарлалтын бүсэд байшин барилга, амралтын газар баржээ.

Тиймээс өнгөрсөн сард Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 66 эрхийг цуцалсан байна. Мөн Богд уулын амуудад олгосон 20 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, газрыг чөлөөлсөн байна. Тухайлбал, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж байсан “Койнвол”, “Жэй Эн Моторс” “Софт трейд” компаниуд болон иргэн М.Энхжавхлан нарын газар эзэмших эрхийг нь хурааж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь олон талын үр ашигтай. Тухайлбал, газар нутгийг хамгаалалтад авснаар тухайн газрын ховор, нэн ховор амьтдыг давхар хамгаалах давуу талтай аж. Мөн амьдрах орчныг нь давхар хамгаалж байж ховор амьтдаа аварна хэмээн эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн, газар нутгийг хамгаалалтад авснаар тухайн газрын ус, ойн сав газрыг давхар хамгаалах боломжтой болно. Усны эх үүсвэрийг хамгаалалтад авснаар усны хомсдолоос сэргийлж байгаа аж. Одоогийн байдлаар говийн баянбүрд, мөнх цаст уул, нуурыг хамгаалалт аваад байгаа аж.

Түүнчлэн Увс нуурын ай савын дархан цаазат газрыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.  Харин тусгай хамгаалалттай газар нутгаас гадна байгаа ус, ойн сав газрыг хамгаалж, хянахад хэцүү байдаг байна. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд гол мөрний эх бүрэлдэх хэсэг гэж юу болохыг зааж өгөөгүйгээс хууль одоо болтол хэрэгжихгүй байгааг байгаль хамгаалагч мэргэжилтнүүд хэлэв.

Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтад авах нь аялал жуулчлалын салбарт ашигтай. Манай улсад жуулчилж байгаа нийт хүмүүсийн 90 хувь нь тусгай хамгаалалттай газар нутгаар аялдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл тусгай хамгаалалттай нутгийг хамгаалж, ихэсгэснээр аялал жуулчлыг хөгжүүлэхэд тустай юм. Гэхдээ энэ тал дээр зарим нэг бэрхшээл гардаг аж. Энэ нь жуулчид тусгай хамгаалалттай газар нутагт аялахдаа зөвхөн нэвтрэх хураамжийн 3000 төгрөгийг л төлдөг.

Гэтэл гадаадын улс орнуудад нэвтрэх, аялах гээд үйлчилгээнүүд нь тус тусдаа үнэ тарифтай байдаг аж. Зөвхөн нэвтрэх хураамжнаас өөр орлогогүй учраас тусгай газрыг хамгаалахад хөрөнгө мөнгө дутагддаг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах санхүүжилт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас, аялал жуулчлалын үйлчилгээний орлогоос, иргэдийн хандив, нөхөн төлбөрөөс бүрддэг. Үүний ихэнхийг улсын төсөв бүрдүүлдэг. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалт хүрдэггүйгээс гадна нэвтрэх хураамж, нөхөн төлбөр, торгууль нь маш бага хувиар орж ирдэг байна.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авахаас өмнө уул уурхайн үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгочихсон байдаг нь хамгийн том бэрхшээл болдог байна. Мөн тусгай хамгаалалттай бүсэд байрлах суурин газарт байгаа иргэд газраа өмчилж чадахгүй байгаа аж. Тиймээс үүнтэй холбогдуулж Хатгал, Ханх, Дадал зэрэг хот суурингийн тусгай хамгаалалттай бүсийг цуцлахаар ярьж байгаа аж. Мөн Говийн бага дархан цаазат газарт орших Гашуун сухайтын боомтыг тусгай хамгаалалтаас гаргах гэж ярьж байгаа аж. Гэхдээ энэ нь хот суурин газар биш учраас гаргах шаардлагагүй гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун хэлсэн.


the attachments to this post:

imgm0020m57c66ff3mjpg
imgm0020m57c66ff3mjpg


One Comment to “Өмчлүүлэхийн тулд зарим газрын тусгай хамгаалалтыг цуцалжээ”

  1. Boum says:

    Монгол улс даян дэлхийн өмнө газар нутгийнхаа 30 хувийн хамгаалалтанд авна гэж амалсань амалсан хүн нь амьд байна, Очирбат ноён.
    Гэвч ноён Баяр хамгаалалтанд авсан газар нутгаа уул уурхайд ашиглах үүднээс дархан газраар оролдох болсон, Баяр ч яахав найз нөхдийн төлөө, ууж идэж байхдаа асуудал шийддэг орос маягийн улс төрч, харин энэ харалган бодлогоос болж Монголчууд бидний өвөг дээдсийн газар нутаг үр хүүхдүүдэд маань очиж чадаж байна уу гэдэг нь Та бидний тэмцэх ёстой асуудал.
    Гансүх сайд дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар Богд Хан уулын, 1778 он, хамгаалалтын горимын дагуу газар эзэмших эрхийг цузалж байгаа нь зөв боловч хэр их удаан үргэлжлэх бол.
    Ногоон эвсэл

Leave a Reply